Content

Стив Жобсын намтар монгол хэлээр хэвлэгдэх нь

Monday, December 19, 2011

Хэвлэлтээс гарсан даруйдаа Америкийн зах зээлд 379 мянган хувь борлогдсон Уолтер Айзаксоны  “Стив Жобс” ном Монгол хэлнээ орчуулагдан, хэвлэгдэхээр болжээ.
Хятад улсад хэвлэгдэн гарахаасаа өмнө урьдчилсан захиалгаар нэг сая хувь борлогдож, Япон улсад эхний долоо хоногт нэг сая хувь зарагдсан тус номын монгол хэл дээр орчуулах албан ёсны эрхийг “Би Ар Эйч” компани эзэмших аж.
Бидний сайн мэдэх iPad, iPhone, iPod зэргийг зохион бүтээсэн их хүмүүн Стив Жобс 2004 оны зун алдарт зохиолч Уолтер Айзаксон руу залгаад өөрийнхөө намтарыг бичүүлэх хүсэлтийг гаргажээ. Харин Уолтер Айзаксон түүний хүсэлтийг төдийлөн тоож үзээгүй ба “Ид гялалзаж яваа насан дээрээ байж юу намтар?” хэмээн ёжилсон байна.
“CNN” телевиз болоод “Time” сэтгүүлийн захиралын албыг хашиж байсан их зохиолч Уолтер Айзаксон 2009 онд өөрийнхөө шийдвэрийг өөрчилж, Стив Жобсын цадигийг бичихээр болжээ.
Учир нь Стив Жобс 2009 онд нойр булчирхайн маш хүнд хагалгаанд орсон бөгөөд Жобсын гэр бүлээсээ ч нууж явсан өвчин нь олон нийтэд ил болсон байна.
Уолтер Айзаксон Стив Жобсын сонин сэтгүүл, телевиз радиод өгсөн 40 гаруй ярилцлагыг цуглуулсан төдийгүй түүнийг тойрон хүрээлж байсан гэр бүлийнхэн, найз нөхөд, өрсөлдөгчид, хамтран ажиллагсадаас нь 100 гаруй сурвалжлага авч, тэдгээр материал дээрээ үндэслэн тус номыг бүтээжээ.
Амьдралынх нь тухай номын агуулганд Стив Жобс нөлөөлөхийг хүссэнгүй. Тэр бүү хэл хэвлэгдэхээс нь өмнө уншиж үзэхийг ч хичээсэнгүй. Харин өөрийнх нь талаарх хачиргүй үнэнийг хэлэхийг сурвалжлага өгсөн хүмүүст уриалж байв.
Тийм ч учраас түүний найз нөхөд, дайснууд, хамтрагчид нь Жобсын итгэл үнэмшил, төгс төгөлдөржүүлэхийн төлөөх эрмэлзэл, бүтээлч зан, бүхнийг хяналтандаа байлгах гэдэг дийлдэшгүй хүслийн үр шимээр бий болсон түүний бүтээгдэхүүнүүд, бизнесийнх талаарх нүцгэн үнэнийг өгүүлсэн нь номонд оржээ.
Ингээд тус ном 2011 оны аравдугаар сарын 24-нд худалдаанд гарсан даруйдаа дэлхийн олон улс оронд сая, сая хувь борлогдож, дэлгүүрүүд лангуун дээрээ өрж амжихгүй дуусч, Уолтер Айзаксоны “Стив Жобс” ном АНУ-д урд хожид байгаагүй худалдааны рекорд тогтоолоо.
Учир нь хааяадаа чөтгөр шүглээ юу гэмээр муухай зан авир гаргадаг байсан Стив Жобс эргэн тойрныхоо хүмүүсийн уур хилэнг бадрааж, туйлдуулдаг байсан ч өөрийнхөө мөрөөдлийн бүтээгдэхүүнүүдийг бодит биеллээ олтол зүтгэж чадсан түүний цадиг удирдан манлайлах, шинийг санаачлах, үнэ цэнэ бүтээх зэрэг түүнээс суралцаж болох амьдралын хичээлээр нэн баялаг болжээ.
Та бидний мэдэх iMac, iPad, iPhone, iPod зэргийг үйлдвэрлэн гаргадаг Apple Computer болон Cars, Toy Story, Up, Wall-E зэрэг олон арван хүүхэлдэйн киног бүтээсэн Pixar Animation Studio зэрэг компаниудыг үүсгэн байгуулсан Стив Жобс хэмээх их хүмүүний цадиг 2012 оны хоёрдугаар сард Монгол уншигч нарын гар дээр очих ажээ.

Эх сурвалж: News.gogo.mn

0 comments:

Post a Comment